class="no-bg">
МВП.Ucoz.com
 
class="content-wide">
Home » Articles » Сумо

Хакүход өөрийнхөө дэвжээг байгуулж, сумогийн дээд амжилт тогтоох боломж ирлээ

Японы мэргэжлийн сумогийн энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал 14 давсан амжилтаар тэргүүллээ. Монголын бөх дээд зиндаанд ийнхүү 32 дахь удаагаа түрүүлж Японы их аварга Тайхогийн амжилттай зэрэгцсэн түүхэн үйл явдал боллоо.

Алдарт их аварга Тайхо 43 жилийн өмнө уг амжилтыг тогтоож байсан аж. Энэ нь түүний сумогийн дэвжээнд 10 гаруй жил зодоглож байж олж авсан хүч хөдөлмөр байлаа. Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх аварга ёкозүна Хакүхо М.Даваажаргал найман жилийн дотор сумогийн дээд амжилтад хүрчихлээ. Японы мэргэжлийн сумод хамгийн их түрүүлсэн амжилтыг манай аварга эвдээд зогсохгүй хамгийн олон буюу долоон удаа дараалан түрүүлсэн, 10 удаа уналгүй түрүүлсэн, нэмэлт барилдаанаар хамгийн олон удаа түрүүлсэн, жилийн 90 барилдаанд 86 удаа түрүүлсэн гээд хэд хэдэн амжилтын рекордыг мөн л тогтоогоод байна. Энэхүү амжилтуудыг өмнө нь мөн л Монголын бөх, их аварга Асашёорюү Д.Дагвадорж эзэмшиж байсан билээ. Үнэндээ Их Наран улсын мэргэжлийн сумогийн түүхэнд Монголын бөхчүүд өөрсдийн эр бяраа тодоос тод тамгалж байна. Хакүхогийн олон амжилтын тухай Японы төдийгүй гадны хэвлэлүүд шуугиж түүнийг сумогийн "Шинэ хаан" хэмээн өргөмжлөх болжээ. Тухайлбал, "BBC" Хакүхог "Сумогийн ертөнцийн төмөр хүн" хэмээн онцолсон бол "Associated press" агентлаг "Хакүхо Тайхогийн насан дээр маш олон рекордыг шинэчилнэ" гэж бичиж байна. Тийм ээ үнэхээр дөнгөж 30 нас хүрч яваа Хакүход цаашдаа мэргэжлийн сумод олон дээд амжилт тогтоох бүрэн боломж бий. Товчхондоо түүний даваа бүр нь амжилт болно гээд хэлчихэд буруудахгүй. Гэвч түүнийг Сумогийн холбооноос аль хэдийнэ шахаад эхэлсэн гэх. Сумод хамгийн олон түрүүлсэн бөх өөрийн дэвжээг байгуулах эрхтэй болдог. Гэтэл "Японы иргэншилтэй болж дэвжээ байгуул эсвэл зодог тайл" гэсэн бололтой.

 

АСАШЁОРЮҮГ СУМОГООС ШАХАЖ ГАРГАСАН ШИГ ХАКҮХОГ ДАРАМТЛАХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН

Асашёорюү Д.Дагвадорж хэдхэн жилийн өмнө мэргэжлийн сумод ид хаваа гайхуулж Монголын төдийгүй Японы ард түмнийг баясгаж байлаа. Хэрвээ өнөөдөр Асашёорюү зодог тайлаагүй бол Хакүхогийн энэ амжилтад аль хэдийнэ хүрч, илүү олон амжилтын эзэн болсон байх нь яриангүй. Харин үүнийг нь япончууд таамаглаж байсан учраас сумогоос түлхэн гаргах оролдлогыг шат дараалан хийсээр санасандаа хүрсэн. Сумогоос түлхэн гаргахын тулд түүний алхам бүрийг хянаж байсан. Их аварга Асашёорюү ч зодоон цохион хийж, хэл ам дагуулан ерөнхийдөө өөрийнхөө замыг засчихсан. Тэрээр харин энэ удаагийн Хакүход тохиолдоод буй явдалд өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Асашёорюү твитер хуудсандаа "20-иос дээш түрүүлбэл ичидайтошюри буюу шууд дэвжээ байгуулах эрх өгдөг. Надад ч бас иргэншлийн асуудал ирж байсан юм. "Үгүй" гэж шууд хэлсэн" хэмээн бичжээ.

Ер нь япончууд Монголын бөхчүүдийг амжилт гаргах тутамд их эмзэг хүлээж авдаг ард түмэн. Арга ч үгүй биз. Олон зууны турш уламжлагдаж ирсэн үндэсний спортод нь гадны бөх ноёлоод ирэхээр хэн л дуртай байв гэж. Манайхан монгол туургатан хэмээн их л өмгөөлж, хамгаалдаг хэрнээ наад зах нь Тувагаас нэг бөх ирээд томоохон барилдаанд амжилт гаргахаар яаж байж яддаг билээ. Гадуурхаж, хөөж туух нь холгүй сүйд болдог улс. Сумогийн дэвжээг нэгэн хэсэг эзэгнэж явсан Асашёорюүг шахаж гарсан бол одоо Хакүхог, магадгүй дараа нь Ичиножо зэрэг шил шилээ даран гарч ирж буй Монголын сумочдод дээрх шахалт давтагдах нь тодорхой л байх болов уу.

ХАКҮХО АЛДАА ГАРГАЖ ЯПОНЧУУДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ЭХЭЛЖ ХҮРГЭВ

Хакүхо башёгийн сүүлийн өдөр Эзэн хааны цомыг хүртэхдээ эх хэлээрээ "Би Тайхо аваргынхаа захиснаар 32 удаа түрүүлж, багштайгаа эн зэрэгцлээ. Тайхо аваргын захиасыг биелүүлсэндээ баяртай байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг харууллаа" гэж хэлж монгол хүний "жудаггүй" зан гаргачихсан. Уг нь түүнийг Японы ард түмэн хүндэлдэг. Япон гэргийтэй болоод ч тэр үү Хакүход ихэд элгэмсэг ханддаг гэж ярьдаг. Хакүхогийн гаргасан энэ омголон байдал олон зуун жил дээдэлж ирсэн ёс жаягийг нь доромжилж, уландаа гишгэсэн хэмээн япончуудын үзэх ядах сэтгэлийг өдөөчихсөн бололтой. Тиймээс түүнд холбооны зүгээс дарамт үзүүлж шийдвэрээ даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах шахаанд оруулсан болохыг сумо сонирхогчид ярьж байна. Хакүхо зүгээр л өмнөх шигээ сайхан японоор мэндчилчих байлаа. Энэ бол өөрийнхөө амжилтыг өөрийнхөө гараар үгүй хийсэнтэй ялгаагүй явдал ч гэх. Тэртэй тэргүй Хакүхо М.Даваажаргалыг ийм өндөр амжилтад хүрнэ, цаашдаа олон ч удаа түүхэнд бичигдэхийг Японы их аварга Тайхо амьд сэрүүн үедээ хэлж байсан гэдэг. Бүр эмнэлэгт хэвтэж байхдаа Хакүхог зориуд дуудаж ирээд "Чи миний амжилтыг эвдэх нь тодорхой. Сумогийн ноён оргилд гараарай, хүү минь" гэж захисан тухай аварга нэг бус удаа ярьж байсан. Түүний хүндэлж, хайрлаж явдаг аваргуудын нэг учраас амжилттай нь эн зэрэгцэхдээ "Тайхо аварга намайг тэнгэрээс харж байгаа" гээд Хакүхо мэхийн ёсолж, нулимс унагасан нь ч учиртай. Харин одоо Хакүхо М.Даваажаргал хэрхэн сонголт хийх нь чухал үлдлээ.

ХАКҮХО ИРГЭНШЛЭЭ СОЛИХ УУ, ЭСВЭЛ...

Японы мэргэжлийн сумог сонирхолтой болгож буй том хүчин зүйл бол гадаадын бөхчүүд. Гэсэн хэдий ч олон даваад амжилт үзүүлээд ирэхээр яалт ч үгүй иргэншлийн тухай асуудал сөхөгдөх нь тодорхой хэрэг. Тухайн бөхийг өөрийн орны иргэншилтэй болгож хамаг амжилтыг улсынхаа нэр дээр авч үлдэх гэж япончууд мэрийж байна. Харин Хакүхо ямар шийдвэр гаргахыг Монголын ард түмэн гэлтгүй дэлхий нийт хүлээж байна. Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн есдүгээр сарын башёд түрүүлчихээд эх орондоо ирэх зуур хэвлэлийнхэнд өнөөдрийн сонголттой удахгүй тулгарна гэдгээ ярьж байсан. Ёкозүна М.Даваажаргал нэгэн хэвлэлд "Эрт, орой хэзээ нэгэн цагт намайг зодог тайлах болоход япончууд зүгээр л Монгол руу хариулчихгүй байх. Ямар нэгэн байдлаар авч үлдэхийг л хүснэ. Зөвхөн Сүмогийн холбоо ч биш, намайг дагадаг дэвжээний бөхчүүд, сүмог шимтэн үздэг мянга мянган хүн үүнийг хүсч байгаа. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн юм гэж боддог. Энэ сайхан Монгол орныхоо хүү нь болж төрөөд, Их Наран улсад сүмогийн ач тусаар амжилттай явж байгаадаа хязгааргүй баярладаг. Тиймээс энэ боломжоо ашиглаад Япон, Монгол хоёр улсын хооронд өөрийнхөө чадах зүйлээр гүүр болъё л гэж боддог. Тэр нь сумо. Сумог надаас салгахын аргагүй. Тиймээс сүмогоороо багшилдаг байна уу, ямар ч гэсэн энэ спортдоо хүчин зүтгэнэ" гэснээс харахад тэр аль хэдийнэ шийдвэрээ гаргачихсан гэж хэлмээр. Тэгвэл яг үүнтэй адилхан таамаглалыг Асашёорюү аварга цахим хуудсандаа бичсэн байв. "Гадны бөх дэвжээ өвлөж, худалдаж авах эрх байхгүй. Удирдах зөвлөлийн сонгуульд ч оролцох эрх байхгүй. Хакухо намайг бодвол хэт их үндсэрхэг биш. Зөөлөн талдаа, арай өөр сэтгэлгээтэй хүн. Гайгүй байх. Ер нь Хакүхо дэвжээ нээсэн нь дээр байх. Магадгүй сумогийн холбооны ирээдүйн бодлого тодорхойлогч болж магад" гэж түүнд зөвлөгөө өгсөн байх юм. Хэрвээ дэвжээ байгуулах сонголт хийвэл өөрт нь л хэрэгтэй. Иргэншлээ сольсон ч түүний судсаар Монгол цус урсаж л байна шүү дээ. Харин ч Монголын хүү Японы дэвжээнд илүү олон амжилт гаргаж ирээдүйд сумод хөл тавих монгол залуусын түүчээг таслахгүй байх нь чухал. Үүнийг л Монголын ард түмэн хүсч байгаа. Ер нь тэгээд ч ёкозүна цолтой бөх жилдээ гурван тэрбум орчим төгрөгийн цалинтай гэсэн. Нөр их хөдөлмөр гаргаж олдог энэ мөнгийг зодог тайлаад эх орондоо ирэхэд хэн ч түүнд өгөхгүй шүү дээ. Тэгээд ч Сумогийн холбооны дүрэмд л "Гадаад бөх Японы иргэншилтэй болж байж сүмогийн холбоонд үлдэнэ" гэсэн байдгаас биш Япон улсын хууль дүрэм биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь Японд арван жил амьдрахаар байнга оршин суух эрх олгодог. Мөн дээрээс нь 20 жилийн турш, эсвэл дээд зиндаанд 60 башё барилдсан тохиолдолд заавал иргэншил солихгүйгээр Сумогийн холбоонд үлдэж болно гэдгийг ч бөхчүүд хэлж байсан. Гэхдээ өмнө нь Хакухо хэзээ ч "Японы иргэншилтэй болохгүй. Аав ч зөвшөөрөхгүй" гэж ярьсан удаатай.

Төрөл: Сумо | Нийтэлсэн: ZooN (2015-06-01) | Гишүүн: Zorigt E W
Уншсан: 239 | Үнэлгээ: 0.0/0